President of Mongolia

04/28/2024 | Press release | Distributed by Public on 04/27/2024 20:34

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх "Монгол генералын өдөр"-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

"Монгол генералын өдөр" бол үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид байсаар ирсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, алдар гавьяаг хойч үедээ алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн хэргийн өргөн мэдлэг, амьдралын баялаг туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

1990-ээд оны нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед улсыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах салбарыг шинэчлэн байгуулж, ардчилсан тогтолцооны бие даасан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан генералуудад талархал илэрхийлэв.

Генералууд өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, албаа нэр төртэй хаан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн хүч болж байгааг онцоллоо.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ гэдгийг хэлэв.

Мөн Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойгоор анхны эмэгтэй генерал төрсөн нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй эмэгтэй алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг монгол төр өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэв.

Офицер хүн, тэр дундаа генералууд амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байдгийг санаж, хойч үеэ бэлтгэх, тэднийг бүх талаар үлгэрлэн дагуулахад онцгой анхаарч ажиллах учиртайг захилаа.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэргийн манлай болсон генералуудад болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал хэмээх цэргийн дээд цол бий болгож, төр, цэргийн 11 хүнд олгосон түүхтэй.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 222 эрхэм энэ дээд цол хүртээд байна.

Тухайлбал Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Гунгаа, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын БНМАУ-ын баатар 6, Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын Хөдөлмөрийн баатар 3, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 20 гаруй, сансрын нисгэгч 1, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал төрөн гарчээ.

Нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой юм.